“Кемпински” зочид буудал ЭБТ-ийн ургуулсан шинэхэн амтлагч ногоогоор зоог бэлтгэнэ

Сэтгэгдэл байхгүй

– Усны төслийн үйл ажиллагааг усны салбараар хязгаарлахгүй –

2012 оны 3 сарын 5-нд Экологийн боловсролын Төвийн (ЭБТ) хамт олны олон сарын хөдөлмөрийн үр шим гарч, “Кемпински” зочид буудалд шинэхэн амтлагч ногоо нийлүүлж эхэллээ.

ЭБТ-ийн хамт олон МоМо-Нөөц чадавхийн хөгжил төслийн орон нутаг дахь зохицуулагч Проф. Др. Михаел Вальтерийн санаачилгыг ажил хэрэг болгож, хүлэмжийнхээ нөөц бололцоог ашиглан, 4 сарын өмнөөс, өвлийн ид хүйтэнд яншуй, гоньд, жууцай, хахуунаг, ганга, саргай (розмарин) зэрэг 6 төрлийн хоол амтлагч, чимэглэгч нарийн ногооны үрсэлгээг хийж эхэлсэн юм. Энэ үеэс арчилгаа ихээр шаарддаг эдгээр нарийн ногоог тус төвийн ажилтан Г.Энхтүвшин, Г.Отгонжаргал нар өдөр тутам тордон ургуулж, бойжуулж байв. Аливаа зүйлийг эхлүүлэхэд бэрхшээл тохиолдох нь ойлгомжтой юм. ЭБТ-ийн хүлэмж төвийн халаалттай хэдий ч тариалсан ногооны ургах, соёолох хэмжээнд хүрч халахгүй байв. Энэ бэрхшээлийг давахад Проф. Др. Михаел Вальтер туслаж, хүлэмжин дотор “бага оврын хүлэмж” хийж өгч, дээр нь инфра улаан туяаны чийдэн суурилуулж өгсөн нь амтлагч ногоо ургах үндсэн орчин нөхцөлийг бүрдүүлсэн үр дүнтэй ажил болсон юм. Тэрээр дээрх ногооны үрийг авчирч өгч, “эхлэлтийн хөрөнгийг” бүрдүүлээд зогсохгүй худалдаж авах байгууллагыг ч олж, зуучилж өгчээ. Улаанбаатар хотын хүнсний зах, супермарктуудад халуун болон амтлагч ногооны хадгалалт сайнгүй, харин “Кемпински Хаан Палас” зочид буудлын ахлах тогооч Карстен Хэртелд эдгээр амтлагч ногоо их хэмжээгээр хэрэг болдог гэнэ. Тэгэхээр энэ ажил хэн хэнд нь ашиг тусаа өгсөн, өгөөжтэй ажил болох юм. Гагцхүү амтлагч ногоог цаашид ургуулж тасралтгүй нийлүүлж чадах эсэх, худалдаалах явцыг амжилттай зохион байгуулах эсэхээс хойшдын үр дүн хамаарна. Гэвч хавар, зуны дулаан цаг ирж, ногоо ургах таатай нөхцөл бүрдэж байгаа тул ЭБТ, МоМо-Нөөц чадавхийн хөгжил төслийн хамт олон сэтгэл өөдрөг байна.