“БАЙГАЛЬ ОРЧНЫ БОЛОВСРОЛЫГ БАГААС НЬ” ТАНИН МЭДЭХҮЙН АЯН АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИВ

Сэтгэгдэл байхгүй

Экологийн боловсролын төв Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас зарлагдсан “Дүүргийн төрийн өмчит ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд музей үзүүлэх” зөвлөхийн бус үйлчилгээний ажлыг 2016 оны 4 дүгээр сарын 11-ээс 5 дугаар сарын 31-ний хооронд амжилттай хэрэгжүүлж дуусгалаа.

“Байгаль орчны боловсролыг багаас нь” уриатай танин мэдэхүйн уг аяны зорилго нь дүүргийн ЕБС болон цэцэрлэгийн хүүхдүүдэд байгаль орчны боловсролыг сонирхолтой хэлбэрээр олгож, хүүхэд багачуудад байгалийг танин мэдэх хүсэл эрмэлзэл төрүүлэх, байгальд ээлтэй хандлага төлөвшүүлэхэд оршиж байв.

Уг аянд дүүргийн төрийн өмчийн сургуулиудын 3-4-р ангийн суралцагчид болон цэцэрлэгийн насны нийт 6000 шахам хүүхэд хамрагдав. Аянд хамрагдсан хүүхдүүдийн 56% нь (цэцэрлэгийн хүүхдүүд) амьтны музей, цэцгийн хүлэмжтэй танилцсан бол 44% нь (сургуулийн 3-4-р ангийн хүүхдүүд) байгаль орчин, танин мэдэхүйн өртөөчилсөн сургалтанд хамрагджээ.

Манай сургалтанд хамрагдсан хүүхдүүд маш их сэтгэл хангалуун буцсаныг сургалтын бодит баримт болсон зурагнууд болон тэдний чин сэтгэл, сэтгэгдлээ илэрхийлсэн үгс, үйлдлүүд, үзсэн харснаа ам булаалдан ярилцаж, энэ тэрийг сонирхож асуух асуултууд, тэрчлэн нүүрэнд нь илэрсэн баяр хөөрөөс тодорхой харж болохоор байв. Аяллын үеэр тэдний хэлж байсан “Ямар гоё юм бэ”, “Яг кино үзсэн юм шиг болчихлоо”, “Маш хөгжилтэй байлаа”, “Би том болоод ийм мэргэжилтэй болно оо”, “Ямар сонирхолтой юм бэ, аав ээждээ ярьж өгнө өө” гэх мэт үгс бидэнд маш их урам өгч, бид ч “Хүүхдэд танин мэдэх хүсэл төрүүлнэ” гэсэн зорилгодоо бүрэн хүрч, танин мэдэхүйн аялалдаа богино хугацаанд олон хүүхэд багачудыг хамруулсандаа сэтгэл машид хангалуун үлдлээ.

Энэ дашрамд энэхүү санаачилгыг анх гарган, ажил хэрэг болгож, дүүргийнхээ хүүхэд багачуудын байгаль орчны боловсролд үнэтэй хөрөнгө оруулалт хийсэн СБД-ийн Засаг дарга Д.Бадарсан болон ЗДТГ-ын хамт олонд шинэ сонирхолтой орчинд ирж, танин мэдэхүйн хүсэлд автан, баяр хөөрөөр дүүрэн буцсан нийт бяцхан зочдынхоо өмнөөс баярласан талархсанаа илэрхийлж, цаашдынх нь ажилд өндөр амжилт хүсэж байна.

Slide1

Slide7

Slide6

Slide5

Slide4

Slide3

Slide2