“Намрын өнгө-2016” танин мэдэхүйн өдөрлөг боллоо

Сэтгэгдэл байхгүй

Экологийн боловсролын төвөөс жил бүрийн намар “Байгаль-Эх лицей” ахлах сургуульд (БЭЛАС) шинээр элссэн суралцагчдад зориулж “Байгаль орчны боловсролыг байгальд нь” уриатай танин мэдэхүйн өдөрлөгийг зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн “Намрын өнгө-2016” уламжлалт өдөрлөг 9 сарын 24-нд Богд-Уулын аманд амжилттай зохион байгуулагдлаа. Уг өдөрлөгт БЭЛАС-ийн 50 гаруй суралцагч, багш нарын хамт оролцов.

“Оролцогчид байгаль орчин, танин мэдэхүйн 10 өртөөгөөр аялж, танхимын сургалтаар олж авсан мэдлэгээ байгальд очиж бататгадаг нь энэхүү сургалтын онцлог юм. Хүүхдүүдийн аялах өртөө болгон өөр өөрийн онцлогтой, өөр өөр өнгө аяс, өгүүлэмжтэй, өөр өөр багшаар удирдуулсан байгаа. Өртөөний нэг хэсэг мэдлэг олгоход чиглэгдэх бол нөгөө хэсэг нь мэдрүүлэх, гурав дахь хэсэг нь тоглуулах аргаар байгалийн зүй тогтлыг таниулахаар төлөвлөгдсөн. Уг сургалтын бас нэгэн онцлог нь зарим өртөөг хүүхдүүд удирдаж байгаад оршино. Бид өмнөх жилийн аялагч суралцагчдаас шалгаруулан авч, энэ жилийнх нь сургалтыг удирдуулан, хүүхдээр хүүхдэд багшлуулах аргаар сургалтыг улам сонирхолтой, үр өгөөжтэй болгож байгаа” гэж өдөрлөгийг санаачлагч Др.Р.Сүнжидмаа мэдээлэв.

Экологийн боловсролын төвөөс санал болгодог энэхүү арга хэмжээ нь БЭЛАС-д элссэн суралцагчдын хүсэн хүлээсэн, сонирхолтой, үр дүнтэй аялал болж чадсан байна.

IMG_0821IMG_0765IMG_0597IMG_0505IMG_0878IMG_0397IMG_0966IMG_0367