Байгаль орчны боловсролыг байгальд нь: Байгальд зохион байгуулах ЭКО АЯЛАЛ

ЭБТ “Байгаль орчны боловсролыг байгальд нь” уриатай байгальд зохион байгуулах ЭКО АЯЛАЛ-аараа байгууллага, анги, хамт олонд амралт зугаалга, төгсөлтийн баяр, эрдмийн баяр, хавар, намрын болон цасны баяр зэргээ зөв боловсон, шинэлэг хэлбэрээр, байгалийг танин мэдэж, мэдлэгээ арвижуулангаа хөгжилтэй, үр дүнтэй өнгөрөөх боломжийг олгож байна.

Уг аяллын зорилго нь экологийн ойлголтыг сонирхолтой хэлбэрээр, энгийн жишээ, бодит амьдрал дээр, бүтээлч үйл ажиллагаанд тулгуурлан таниулах, үүгээр дамжуулан бүх насныханд тогтвортой хөгжлийн боловсрол олгоход оршино.

Аяллыг хотын төвөөс 50 орчим км-ийн зайд, холимог ой, хээр хосолсон газар зохион байгуулах бөгөөд аялал нийт 5-7 цаг үргэлжилнэ. Нэг удаад 200 хүртэл хүнтэй багт үйлчлэх уг аяллаар оролцогчид байгалийг таних, мэдрэх болон тоглоомын 10 өртөөгөөр аялах ба байгалийн бүх мэдрэхүйгээр танин, тухайн зүйлийн мөн чанар, уялдаа холбоо, зүй тогтлыг мэдэж авснаар орчинтойгоо хэрхэн харьцах ёстой, яагаад ингэж харьцах ёстой вэ гэдгийг амьд байгаль, бодит үзүүлэнд түшиглэн өөрсдөө таньж мэдэх юм. Цаашилбал аливааг өөр өнцгөөс харах, хамт олонч байх сэтгэлгээ батжидагт уг аяллын бас нэгэн ач холбогдол оршино.

“Байгаль орчны боловсролыг байгальд нь” эко аяллыг жилийн аль ч улиралд, захиалгаар зохион байгуулах бөгөөд сонирхсон байгууллага, хамт олон зохион байгуулалтын болон бусад асуудлаар ЭБТ-тэй холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.