Байгаль орчны боловсролыг байгальд нь олголоо

Сэтгэгдэл байхгүй

Экологийн боловсролын төвөөс жил бүрийн намар “Байгаль-Эх лицей” ахлах сургуульд шинээр элссэн 10 дугаар ангийн суралцагчдад зориулж экологийн боловсрол олгох аяллыг зохион байгуулдаг билээ. Бид энэ удаагийн аяллаа “Намрын өнгө” танин мэдэхүйн өдөрлөг нэртэйгээр 9 дүгээр сарын 20-ны өдөр Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Төвд зохион байгууллаа.

3 дахь удаагаа зохион байгуулагдсан уг өдөрлөгт тус сургуулийн 10 дугаар ангийн 160 орчим суралцагч оролцсоноос гадна МУИС-ийн захиргаа, багш нарын төлөөлөл, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио телевизийн 1, 2 дугаар суваг, NTV телевизийн “Органик монгол” хөтөлбөр, TV9 телевизийн “Мөчирхөний ногоон өртөө” нэвтрүүлэг, UBS телевизийн “Ногоон ирээдүй” нэвтрүүлгийн хамт олон оролцов.

Оролцогчдод байгалийг бүх мэдрэхүйгээр таниулах зорилготой уг аяллын үеэр зочид танин мэдэхүйн 10 өртөөнд саатаж, байгаль орчны боловсролыг байгальд нь олгох сургалтанд хамрагдав. Өртөөг ЭБТ-ийн мэргэжилтнүүд болон БЭЛАС-ийн 11-р ангийн сурагч А.Амгалан, Т.Ганхуяг, Д.Дөлгөөнөө, Б.Наранцацралт, М.Нямсүрэн, М.Энх-Үүр, Ч.Чимэддолгор, Н.Цагаанаа, Л.Түвшинбаяр нар хөтлөн явуулав.

Уг аялалд Байгаль хамгаалах сан санхүүгийн дэмжлэг үзүүлж, хамтарч ажилласан юм. Байгаль орчны боловсролыг байгальд нь олгох уг аялал цаашид уламжлал болон зохиогдоно.

Сэтгэгдэл бичих