Бид түүхтэй: Залуу байгальчдын төв станцаас ЭБТ хүртэл

Экологийн боловсролын төв (ЭБТ) нь 1957 онд АБЯ-ны харьяа “Залуу байгальчдын төв станц” нэртэйгээр байгуулагджээ. Анх байгуулагдахдаа 14 ажилтантай, 5 га газартай, үр тариа, хүнсний ногоо, жимс жимсгэний хэсэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байв. 1978 онд одоогийн үйл ажиллагаа явуулж буй хичээлийн хоёр давхар байр баригдаж ашиглалтанд оржээ. Үндсэн үйл ажиллагаа нь эх оронтойгоо танилцах тойрон аялал, чуулган, эрдэм шинжилгээний хурал, сурталчилгааны өдөрлөг зохион байгуулах, залуу байгальчдын өдрийн зуслан, дугуйлан ажиллуулах, ном товхимол, гарын авлага эрхлэн гаргах, телевизийн нэвтрүүлэг хийх, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тарианы аж ахуй эрхлэх, үүнтэй холбоотой төлбөртэй сургалт зохион байгуулах, зөвлөлтөөс арга зүйчид авчран дагалдуулан сургах, мэргэжил дээшлүүлэх курс хичээллүүлэх, төгсөлтийн дараах сургалт, зуны зуслан сургалт зохион байгуулах, цэцгийн үзэсгэлэн гаргах, кино захиалж хийлгэх зэрэг байв.

  • Залуу байгальчдын төв станц

1983 онд 200 м2 талбайтай цэцгийн деплицийг хүлээж авчээ. Мөн 0,9 га талбайтай дендро цэцэрлэг байгуулжээ. Энэ үед 44 орон тоотой ажиллаж байв. 1991 онд Залуу байгальчдын төв, 1993 онд Байгаль эх төв гэж нэрлэгдэх болов. Гэгээрлийн сайдын 1998 оны 262-р тушаалаар “Бүх нийтийн экологийн боловсрол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэн гүйцэтгэх үүрэг бүхий гэрээгээр тус байгууллагыг МУИС-ийн бүрэлдэхүүнд шилжүүлж “Экологийн боловсролын төв” болгожээ. 2010 оны 10 дугаар сард МУИС-ийн захирлын 750-р тушаалаар “Байгаль-Эх лицей” ахлах сургуультай нэгтгэн “Байгаль-Эх лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төв” нэртэйгээр өөрчлөн байгуулжээ. Нийгмийн хөгжил, боловсролын шинэчлэлийн дагуу төвийн нэр, бүтэц, бүрэлдэхүүн, харьяалал ийнхүү өөрчлөгдөж ирсэн ч энд ажиллаж байсан, ажилласаар байгаа үе үеийн хамт олон бүх нийтийн хүрээлэн буй орчноо танин мэдэх, байгаль орчноо хайрлан хамгаалах, амьдран байгаа орчноо тордон сайжруулах үйлсэд оюун мэдлэг, сэтгэл зүрх, хөлс хүчээ тасралтгүй зориулсаар ирсэн билээ.

 

  • ЭБТ-ийн захирал асан Д.Базардорж Японы GNC байгууллагатай хамтын ажиллагаа эхлүүлэх үеэр
  • 2013 онд ахмадуудаа хүлээн авч уулзав
  • 2013 онд ахмадуудаа хүлээн авч уулзав
  • 2014 онд ахмадуудаа хүлээн авч уулзав

Одоо ажиллаж буй хамт олон

Өнөө Экологийн боловсролын төв БЭЛАС, ЭБТ-ийн захирал, захирлын туслах, ЭБТ-ийн ахлах мэргэжилтэн, цэцгийн хүлэмж, музей, цэцэрлэгт хүрээлэн, сургалт хариуцсан мэргэжилтнүүд, цэцэгчин, нягтлан бодогч, байрны зохион байгуулагч, номын санч, үйлчлэгч зэрэг нийт 12 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Publication1