ЭБТ болон Японы GNC байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд танин мэдэхүйн шинэ орчин бүрдэв
Японы GNC байгууллага нь (GNC Japan) Монголд мод тарих, цэцэрлэгжүүлэх үйл ажиллагааныхаа хүрээнд Экологийн боловсролын төвтэй 2004 оноос эхлэн хамтран ажиллаж, Экологийн цэцэрлэгт хүрээлэнг өргөжүүлэн тохижуулж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд хайрган зам тавих, замын хамгаалалтын шон суулгах, олс татах, худаг гаргах, усан хоолой байрлуулах, гүүр, сандал, саравч, цөөрөм хийх зэрэг тохижилтын ажил хийгдсэнээс гадна цэцэрлэгийн ургамлын төрөл зүйлийг олшруулах үндсэн зорилгоор шинээр мод, сөөг тарих, арчлан ургуулах ажлыг тасралтгүй хийсээр ирлээ.
Жил болгон тэтгэн сайжруулж, нэмж мод тарьж, тохижуулж буй энэ ажил 10 жил үргэлжилж, тус цэцэрлэгт хүрээлэн өдгөө голт бор, монос, тэрэлж, өрөл, тэхийн шээг, бургас, гацуур, хуш, мөнгөлөг гацуур, нарс, улиас, гүйлс, буйлс, шинэс, тошлой, үхрийн нүд, чацаргана, улаалзгана, бөөрөлзгөнө, агч зэрэг шилмүүст болон навчит мод, гоёл чимэглэл, жимс жимсгэний 32 зүйлийн 3000 гаруй мод, сөөгтэй болсон байна. Уг хүрээлэн өнөө ойр хавийн оршин суугчдын ирэх дуртай, хүүхэд багачуудын цэвэр агаарт салхилж, байгалийн сайхныг мэдэрч, танин мэдэж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг, нийслэлийн цөөн хэдэн ногоон байгууламжийн нэг болжээ.
Монгол орны модлог ургамлын сан хөмрөг бүрдүүлэх үндсэн зорилго бүхий бидний энэхүү хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд байгаль орчны сургалт, танин мэдэхүйн орчин бүрдүүлэх чиглэлээр өргөжиж байна. Бид энэ жил хамтын ажиллагааны 10 жилийн ойгоо тохиолдуулан “Байгалийн массаж”, “Амьтад хэр хол харайдаг вэ?” нэртэй сургалт, танин мэдэхүйн хоёр шинэ орчин байгууллаа. Энэхүү шинэ өртөөгөөр үйлчлүүлсэн анхны зочид нь Нийслэлийн 23, 118-р сургууль, Монген болон Байгаль-Эх лицей ахлах сургуулийн сурагчид байлаа. Бидэнтэй 10 жил тасралтгүй хамтран ажиллаж, Монголын хүүхэд залуусын байгаль орчны боловсролд өөрийн хувь нэмрийг оруулж буй Японы GNC байгууллагын хамт олонд баярласан талархсанаа илэрхийлье.