“Байгаль орчны танин мэдэхүйн хүлэмж”-ийн нээлт боллоо
ЭБТ Германы Олон улсын шилжилт хөдөлгөөн, хөгжлийн төвийн дэмжлэгээр, ХБНГУ дахь Монголын академичдын холбоотой хамтран “Байгаль орчны сургалт, танин мэдэхүйн хүлэмж” төслийг энэ оны гуравдугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. ЭБТ-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх, сургалтын шинэ хөтөлбөрүүдтэй болгох зорилго бүхий уг төсөл амжилттай хэрэгжиж, өчигдөр нээлтээ хийлээ.
Төслийн үр дүнд ЭБТ-ийн цэцгийн хүлэмжийг засварлах, бүрэн шиллэж, шинээр 10 өртөө байгуулах ажил биеллээ олж МУИС-ийн удирдлагууд, ЭБТ-ийн хамт олон, Байгаль эх лицей сургуулийн багш нарын төлөөлөл, суралцагчид төслийн үйл ажиллагаа болон хүлэмжийн тохижилт, сургалтын орчинтой танилцав.
30 гаруй жилийн өмнө баригдсан, тусгаарлалт нь муудаж, дулааны алдагдал ихэссэн уг хүлэмжийг орчин үеийн технологи бүхий поликорбанат шилээр бүрэн шиллэж, засаж тохижуулснаар жилийн турш ургамал ургах таатай нөхцөл бүрдсэнээс гадна хүлэмжинд түшиглэсэн танин мэдэхүйн сургалт явуулах орчин нөхцөл бүрдэж байгаа юм.
Хоёр зуун сая төгрөгийн төсөвтэй энэхүү төслийн тал хувийг Германы Олон улсын шилжилт хөдөлгөөн, хөгжлийн төвөөс эргэн төлөгдөхгүй нөхцлөөр буюу мөнгөн тусламж хэлбэрээр олгосон бол үлдсэн хэсгийг Монголын академичдын холбоо болон Экологийн боловсролын төв өөрийн ажиллах хүч, бусад нөөц бололцоогоор санхүүжүүлэн ажиллаж байна.
Энэ өдөр төслийн санхүүжүүлэгч Германы Олон улсын шилжилт хөдөлгөөн, хөгжлийн төвийн хөтөлбөрийн дарга Др. Ралф Санфтенберг, Монголыг хариуцсан хөтөлбөрийн зохицуулагч Ева Синглер нар төслийн хэрэгжилттэй мөн танилцаж, Герман улсад сурч мэдсэнээ эх орныхоо хөрсөнд буулгаж, байгууллагаа болон хамт олноо хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулж буй, төслийн удирдагч Др.Р.Сүнжидмаа болон ЭБТ-ийн хамт олонд баяр хүргэж, энэ төсөл амжилттай, үлгэр дуурайл болохуйц төслийн нэг болсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.
Экологийн боловсролын төвд ер гаруй сая төгрөгийн цэвэр хөрөнгө оруулалт оруулж буй уг төсөл 2015 оны 2 дугаар сарын 28 хүртэл хэрэгжинэ.