ЭБТ-ийн сургалтын үйлчилгээний онцлог
Монгол Улсын Их Сургуулийн Экологийн боловсролын төв (ЭБТ) нь хүүхэд, залууст хүн ба сав, шим ертөнцийн холбоо шүтэлцээг таниулах, байгалийг мэдрүүлэх замаар хүрээлэн буй орчинтой зүй зохистой харьцах, байгалийн нөөцийг гамтай хэрэглэх хүмүүжил төлөвшил олгон, бүх нийтийг байгальд ээлтэй хандлага, зохистой хэрэглээний зарчимд сургах эрхэм зорилготой, төрийн байгууллага юм. ЭБТ нь 1957 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд тэр цагаас эхлэн энэхүү зорилгынхоо төлөө 50 гаруй жил тасралтгүй ажиллаж, Монголын хүүхэд, залуусын байгаль орчны боловсролд өөрийн хэвь нэмрийг оруулж байна.
Хүн зөвхөн мэддэг зүйлээ хайрладаг гэдэг. Тийм ч учраас бид сургалтаараа дамжуулан хүүхэд, залууст байгалийг танин мэдэх боломжийг олгож, байгальд дуртай, сонирхолтой болгохыг зорьдог.
Өнөөгийн хүрээлэн буй орчны нөхцөл байдлыг буюу дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа асуудлыг зөв таньж байж, ирээдүйн чиг хандлагыг зөв тогтооно. Тийм ч учраас бид тогтвортой хөгжлийн боловсролыг тоглоомын аргаар, ажиглуулах, мэдрүүлэх, өөрөөр нь хийлгэх, сонирхол төрүүлэх замаар, тохирох хэрэглэгдэхүүн, бодит үзүүлэн ашиглан олгодгоороо онцлог.
Хүн тархиараа, гараараа, зүрхээрээ мэдэрч байж мэдлэгийг бүрэн хүлээж авдаг гэнэ. Тийм ч учраас бид хүрээлэн буй орчныг хөгжилтэй, сонирхлыг өдөөсөн аргаар таниулах, бүх мэдрэхүйгээр мэдрэх орчинг бүрдүүлэх, асуудлын учир, холбогдлыг энгийн ойлгомжтой аргаар таниулан, хялбарчлан хүргэх, хүн бүрийн хийж чадах үйлийг хэвшүүлэхийг чухалчилдаг.
Бид хойч үеэ байгаль, дэлхийтэй харьцах Монголчуудын уламжлалыг өвлөсөн, өөрийн улс үндэстний үнэт зүйлсээ мэдэрсэн, дээдэлсэн, дэлхий нийтийн хүрээлэн буй орчны асуудлыг таньсан, шийдвэрлэх зөв замыг олсон дэлхийн Монгол иргэн болгохын төлөө ажиллаж байна.
ЭБТ нь арвин баялаг туршлага, уламжлалаа үргэлжлүүлэн, гадаад, дотоодод мэргэжил эзэмшсэн, чадварлаг боловсон хүчнээр эгнээгээ зузаатган, ирээдүйн сайн сайхны төлөө итгэл дүүрэн ажиллаж байна.