“АМЬД БАЙГАЛИЙГ АЛЬ Ч ЦАГТ”

Сэтгэгдэл байхгүй

Тэрбум мод сангийн санхүүжилттэй

“АМЬД БАЙГАЛИЙГ АЛЬ Ч ЦАГТ”

төсөл амжилттай хэрэгжиж дууслаа

Банкны салбарын санаачилсан Тэрбум мод сангийн 2022-2023 оны төслийн нээлттэй сонгон шалгаруулалтын “Олон нийтэд тогтвортой хөгжил, экологийн боловсрол олгох” чиглэлд МУИС-ийн Экологийн боловсролын төв (ЭБТ) – ийн “АМЬД БАЙГАЛИЙГ АЛЬ Ч ЦАГТ” төсөл шалгарсан. 2023 оны 6 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн уг төслийн хүрээнд ЭБТ-ийн хамт олон ой модны ач холбогдлыг таниулах “ОЙ ЯГ…” танин мэдэхүйн танхимыг шинээр тохижуулсан ба “Ой яг…” сургалтын хөтөлбөр шинээр боловсруулж, энэхүү өртөөгөө оролцуулсан 5 өртөөт сургалт – аяллыг зохион байгуулж анхны 1000 сурагчаа хамруулан, төслөө амжилттай хэрэгжүүлж дуусгасан байна.

Төслийн удирдагч Р.Сүнжидмаа хэлэхдээ: “Ой яг…” танхимыг ойд орсон мэт мэдрэмж төрүүлэхүйц байгалийн мод, модон бүтээгдэхүүнээр тохижуулсан ба модны олон янз байдал, ой модны байгалийн үйлчилгээ, хүний амьдралд гүйцэтгэх үүрэг зэргийг хүүхэд залуусын өдөр тутам хэрэглэдэг платформуудтай зүйрлэн үзүүлж таниулахаар зохиомжилж, мод, түүний холтос, үр, боргоцой зэргийг нүдээр харж, гараар барьж, үнэрлэж, хүртэж мэдрэх орчныг бүрдүүлсэн. Энэ нь хүүхдэд ой мод болоод байгалийг сонирхон судлах, хайрлан хамгаалах, амьдрах орчноо модоор чимж тохижуулах, мод тарьж ургуулах сонирхол төрүүлж, манай төслийн “Хүүхдийн бяцхан оюунд модны үр соёолуулах” зорилго амжилттай биеллээ олсонд бид их баяртай байна. Төсөлд Нийслэлийн алслагдмал сургуулиудын 6-аас дээш ангийн нийт 1000 хүүхдийг хамруулсан ба энэхүү шинэ өртөө цаашид ЭБТ-ийн өртөөчилсөн аялалд хамрагдах хэн бүхэнд нээлттэй байж, байгальтай илүү ойроос танилцах, сонирхолтой, интерактив аргаар сонирхон судлах боломжийг бүрдүүлэхүйц сургалтын шинэлэг орчин болсноороо онцлог юм. Төслийг дэмжин ажиллаж Монголынхоо хүүхэд залуусын оюунд хөрөнгө оруулсан Тэрбум мод сан, Монгол банк, Монголын банкны холбоонд баярлаж талархсанаа төслийн зочин 1000 хүүхэд болон цаашид манай сургалтад хамрагдах мянга мянган хүүхдийн өмнөөс илэрхийлье. Мөн дүүргийнхээ хүүхэд залууст уг төсөлд хамрагдах сайхан боломжийг олгож, биднийг дэмжин ажилласан УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад баярлалаа” гэв.

Тэрбум Мод Сан

Монголбанк /Монгол Улсын Төв банк/

Монголын банкны холбоо / Mongolian Bankers Association

Bulgantuya Khurelbaatar