МУИС-ийн алдар гавьяатнуудын нэрэмжит цэцэрлэг нээлтээ хийлээ

Сэтгэгдэл байхгүй

Экологийн Боловсролын Төвөөс МУИС-ийн 70 жилийн ойн хүрээнд сургалтын орчноо тохижуулах олон ажил өрнүүлсний нэг нь  төвийн Экологийн цэцэрлэгт хүрээлэнг Нийслэлийн Захирагчийн Ажлын Алба болон МУИС-ийн санхүүжилтээр  “МУИС-ийн алдар гавьяатнуудын нэрэмжит цэцэрлэг” болгон шинэчлэн тохижуулсан явдал байв. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Захирагчийн Ажлын Албанаас явган хүний зам, саравч, сүүдрэвч, сандал, гэрэлтүүлэг зэргийг хийж гүйцэтгэсэн ба МУИС-ийн хөрөнгөөр цөөрөм бүхий хүрхрээг бариулж ашиглалтанд орууллаа. Алдар гавьяатнуудын нэрэмжит цэцэрлэгийн нээлт 2012 оны 10 сарын 1-нд болж, МУИС-ийн гавьяат, ахмад багш нарын төлөөлөл цэцэрлэгт хүрээлэнд шинээр 21 мод тарьж төглийн нээлтээ мялаав. Мөн энэ өдөр  төвийн Экологи-Байгалийн музей өнгө үзэмжээ нэмэн, үүд хаалгаа дахин нээлээ. Уг музейд МУИС засвар шинэтгэл хийж, геологи, археологи, антропологийн ховор үзмэрүүдээр баяжуулан 70 жилийн ойдоо бэлэг барьсан юм.