ЭБТ-өөс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, байгууллагын гадаад харилцаа

Сэтгэгдэл байхгүй

Экологийн боловсролын төв 2011-2012 оны хичээлийн жилд гадаад хамтын ажиллагаагаа сайжруулах, гадаадын төсөл хөтөлбөртэй хамтарч ажиллах чиглэлээр дараах ажлыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

  • Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгт (ГОУХАН) хандаж, ЭБТ-д нэг жилийн хугацаатай залуу мэргэжилтэн ажиллуулах хүсэлт тавьсан нь дэмжигдэж, ГОУХАН-ийн “Хүрээлэн буй орчны боловсрол-хөгжлийн арга хэмжээ 11” хөтөлбөрийн хүрээнд хатагтай Ванесса Албрехтыг 2011 оны 3 сараас ажиллуулж эхэллээ. ГОУХАН-ийн залуу мэргэжилтний гүйцэтгэх ажлын чиглэл нь ЭБТ-ийн менежментийн стратеги төлөвлөгөө, чиг хандлага, стратегийн зорилтуудыг боловсруулахад хамтран ажиллах, ЭБТ-ийн янз бүрийн нас, түвшний үйлчлүүлэгчдэд зориулсан экологийн боловсрол олгох хөтөлбөр боловсруулах, тэдгээрийг зах зээлд гаргахад дэмжин ажиллах, дотоод, гадаадын байгууллагатай тогтоосон сүлжээг өргөтгөх, хөрөнгө санхүүгийн дэмжлэг, гэрээт ажил олоход туслаж ажиллах зэрэг болно.
  • ЭБТ мөн ГОУХАН-ийн санхүүжилтээр маркетинг, мониторинг хариуцсан мэргэжилтний ажлын байрыг шинээр бий болгож, ажлыг нь эхлүүлэв.
  • ШХА-ийн “Цөлжилтийг сааруулах” төслөөс байгальд ээлтэй сургуулиудын дунд зарласан “Эко санаачлага-2012” төслийг БЭЛАС-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд төслийн болон өөрийн санхүүжилтээр 8*20 метрийн хэмжээтэй, дөрвөн улирлын хүлэмжийг бариулав. Энэхүү хүлэмж ашиглалтанд орсноор тус байгууллагын сурагчдад хүлэмжийн аж ахуйн мэдлэгээ сайжруулах, өөрсдийн ургуулсан хүнсний болон нарийн ногоог арчлан хэрэглэх, дадлага хийх, амьдрах ухаанд сурах, тэрчлэн бусад сургуулийн хүүхдүүдэд сурч мэдсэнээ зааж өгч, туршлага түгээх орчин бүрдэж байна.
  • Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн санхүүжилтээр “Бичил уул уурхай ба миний орчин” төслийг Баянхонгор аймагт хэрэгжүүллээ. Тус төслийн хүрээнд орон нутгийн иргэд, хүүхэд багачуудын экологийн мэдлэг боловсрол, хариуцлагыг дээшлүүлэх сургалт зохион байгуулж, аймгийн экологийн төвийн менежмент, чадавхийг нэмэгдүүлэх зорилготой.
  • 2012 оны 11 сарын 1-ээс ГОУХАН, Галсан Чинаг сангийн санхүүжилтээр “Биологийн хичээлийн агуулгад мод тарих нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулж,  турших” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү төслийг хэрэгжүүлэхээр нийслэлийн Чингэлтэй дүүргийн 57-р сургуулийг сонгон авсан бөгөөд төслийн хүрээнд эко сургуулийн 7 алхмыг хэрэгжүүлэх, сургуулийн гадаад, дотоод орчны эко байдлыг сайжруулах, экологийн боловсрол олгох сургалт зохион байгуулах зэрэг ажлыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ мод тарих нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулж турших юм. Төслийн ажлын эхний алхам болгож тус сургуулийн гадна талбайд гоёл чимэглэлийн 6 зүйлийн 900 гаруй мод тарьж хаягжуулсан бөгөөд энэ онд багтаан эко сургуулийн 7 алхмын тухай болон экологийн боловсрол олгох, танин мэдэхүйн сургалтыг зохион байгуулах юм. Төсөл 2013 оны 5 сарыг дуустал үргэлжилнэ.