Экологийн боловсролын төвийн 60 жилийн ой боллоо

Сэтгэгдэл байхгүй

Залуу байгальчдын төв станц (ЗБТС) нэрээр 1957 онд байгуулагдсан МУИС-ийн Экологийн боловсролын төвийн (ЭБТ) 60 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн арга хэмжээнд уг байгууллагын 60 жилийн түүхийг бүтээлцсэн үе үеийн төлөөлөл, ахмад, дунд, залуу үеийнхэн, МУИС-ийн удирдлага, хамтран ажилладаг байгууллагын төлөөлөгчид оролцсоноос гадна тухайн үед ЗБТС-ын дугуйланд суралцаж байсан тэргүүний залуу байгальчдын төлөөлөл оролцлоо.

Ойн үеэр тус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, хүүхдийн байгаль орчны боловсролд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад багш С.Жавзан, В.Одсүрэн, Л.Нарантуяа нар Боловсролын тэргүүний ажилтан, ажилтан П.Уранчимэг, Г.Дүүрэнхүү, Д.Ичинхорлоо, Д.Батхуяг нар Байгаль орчны тэргүүний ажилтан, мөн багш А.Загдрагчаа Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдав. Тэрчлэн 5 ахмад багш Багшийн гавьяа одонгоор энгэрээ мялаав.

Экологийн боловсролын төвийн 60 жилийн ой бол Монгол улсад хүүхдэд байгаль орчны боловсрол албан ёсоор олгож эхэлсний 60 жилийн ой билээ. Энэ байгууллагын тулгын чулууг тавилцсан, үйл ажиллагааг нь тасралтгүй өргөжүүлж өнөөдрийн өдөртэй золгуулсан, энэ их айлын эрхэм гишүүн хүн бүхэнд, тэрчлэн ЗБТС-ын дугуйлангийн мянга мянган залуу байгальчид болон ЭБТ-ийн танин мэдэхүйн өртөөчилсөн сургалтын эрхэм зочиддоо түүхт 60 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Экологийн боловсролын төвийн түүхээс товч сонирхуулбал, анх байгуулагдахдаа 14 ажилтантай, 5 га газартай, үр тариа, хүнсний ногоо, жимс жимсгэний хэсэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байв. Олон төрлийн жимс жимсгэний болон гоёл чимэглэлийн мод сөөг, чимэглэлийн нэг наст зуны цэцэг тарихаас гадна гиш, маалинга, олс, 4 сортын үр тариа, эрдэнэшишийн 6 сортыг тарьж ургуулж байжээ. Хүүхдийг ажиглалт туршлагын талбайд ажиллуулж, алим, ранетка, гүзээлзгэнэ, үхэр нүд, чимэглэлийн улиас зэрэг дээр туршилт хийлгэн, хөрс боловсруулах, үр суулгах, жимс жимсгэний мод бутыг арчлах, тайрах, хучих зэрэг ажил хөдөлмөрт сургаж, эрдэм шинжилгээний ажлын дөр олгож байв. 1970-аад онд торниун алимны зун, намар, өвлийн 5-6 сорт, давжаа алимны 7-8 сорт, жимсгэнээс бөөрөлзгөний вислуха, интоорын песчанная сортуудыг тарьж байлаа. Цэцэрлэгчдийн, үр тарианы, ногооны зэрэг 5-8 төрлийн дугуйланд жилд 400 хүртэл хүүхэд сурган төгсгөж байв.

1980-аад оноос байгальд сонирхолтой хүүхдүүдэд зориулсан цэцэгчдийн, ногоочдын, ургамал судлаачдын, цэцэг чимэглэлийн, жимсчдийн, амьтан сонирхогчдын, байгалийн өгөөжийн, цаг уурчдын, эмийн ургамал судлаачдын, агрохимийн, өсвөрийн аквариумчдын, ургамал хамгаалагчдын, байгаль хамгааллын, дендрологийн зэрэг дугуйлан хичээллүүлж, үйл ажиллагаагаа улам өргөжүүлжээ. Залуу байгальчдын дунд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, тэргүүний сурагчдыг эх оронтойгоо танилцах тойрон аялалд оролцуулан, гадаадын хүүхдийн зусланд амраадаг байлаа. ЗБТС хэзээнээс нааш нийслэлийн хүүхэд багачуудын очих дуртай газар байжээ.

Өнөөдрийн Экологийн боловсролын төв сургалтын шинэ хөтөлбөр, шинэлэг аргазүй, танин мэдэхүйн таатай орчинг бүрдүүлэн биет үзүүлэн, бодит хэрэглэгдэхүүн ашиглаж орчин үеийн арга барил бүхий байгаль орчин, танин мэдэхүйн суртгалтууд явуулж байна. Энэ төвд ирсэн хүүхэд багачууд танин мэдэхүйн хүлэмж, танин мэдэхүйн цэцэрлэгт хүрээлэн, танин мэдэхүйн музей зэрэг амьд орчноор зочилж, насны онцлогт тохирсон 40 төрлийн хөтөлбөрөөр үйлчлүүлэн гайхширал, баясал, танин мэдэхүйн хүсэл эрмэлзэл тээн гарах болжээ.

 

Сэтгэгдэл бичих