Иргэд, олон нийтэд
ЭБТ нь жилийн дөрвөн улиралд нээлттэй байдаг, сургалт, танин мэдэхүйн орчин болох цэцгийн хүлэмж, амьтны музей, цэцэрлэгт хүрээлэнтэй. Цэцгийн хүлэмжинд 70 орчим зүйлийн 500 гаруй тасалгааны ургамлыг ургуулан борлуулж байна. Уг хүлэмжинд дөрвөн өнгийн сарнайн бут, лимон, монгол царс, арш зэрэг өвөрмөц, ховор ургамлууд ургаж байна. Уг хүлэмжийн үйл ажиллагаа жилийн турш үргэлжилж, тасалгааны цэцэг тарих, арчлах талаар иргэдэд үнэгүй зөвлөгөө, зөвлөмж өгдөг. Мөн амтлагч, чимэглэгч ногоог жилийн турш тарьж ургуулан, иргэд, албан газруудад нийлүүлэхээс гадна жил бүрийн хавар нарийн ногооны болон мандлын цэцгийн үр үрсэлгээ зарж борлуулдаг. Тэрчлэн цэцгийн хүлэмжинд түшиглэсэн цэцгийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаас гадна цэцэг тарих, арчлах талаар дадлагад суурилсан ганцаарчилсан болон бүлгийн сургалтыг байнга санал болгож байна.
ЭБТ-ийн цэцэрлэгт хүрээлэнд голт бор, монос, өрөл, тэхийн шээг, бургас, гацуур, нарс, гүйлс, буйлс, шинэс, тошлой, үхрийн нүд, чацаргана зэрэг Монгол орны шилмүүст болон навчит мод, гоёл чимэглэл, жимс жимсгэний 30 орчим зүйлийн 3500 гаруй мод, сөөг ургаж байна. Бид цэцэрлэгт хүрээлэндээ түшиглэн олон зүйл модыг нэг дороос үзэх боломжийг олгодгоос гадна мод тарих, арчлах талаар байнга зөвлөгөө өгч, жил бүрийн хавар, намар модны худалдаа зохион байгуулдаг. Уг цэцэрлэгт хүрээлэн ойр хавийн оршин суугчдын салхилах, амрах дуртай цөөн хэдэн орчны нэг юм.
ЭБТ-ийн Экологи-байгалийн музей нь Монгол орны бүх экосистемийн онцлог, төлөөлөгчдийг харуулсан нийт 300 орчим амьтны үзмэртэйгээс гадна гадаадын орноос бэлэглэсэн матар, тогос, далайн хав зэрэг үзмэртэй. Та бүхэн хүүхэд багачуудаа анги, хамт олон, найз нөхөдтэй нь авч ирэн байгалийн олон янз байдлыг нэг дороос мэдрэх энэхүү боломжийг ашиглан, музей, цэцгийн хүлэмж, цэцэрлэгт хүрээлэнтэй танилцуулаарай.