Сургуулийн түүх
МУИС-ийн захирлын зөвлөл байгалийн ухааны салбарт элсэгчдийн тоо, чанарт ахиц гаргах зорилтын хүрээнд ЕБС-ийн наймдугаар анги төгсөж суурь боловсрол эзэмшсэн математик, физик, хими, биологийн хичээлд авъяас сонирхолтой суралцагчдыг улсын хэмжээнд нээлттэй сонгон шалгаруулалтаар элсүүлэн бүрэн дунд боловсрол олгохын зэрэгцээ сонгосон чиглэлээр нь МУИС-ийн багш эрдэмтэдийн хүч оюуны чадамж, материаллаг нөөцөд түшиглэн гүнзгийрүүлэн суралцуулах чиг үүрэгтэй ахлах сургууль харъяалалдаа байгуулах хүсэлт гаргаж Гэгээрлийн яаманд уламжилснаар тус сургууль үүсгэн байгуулагдаж 2001 оны 09 дүгээр сарын 01-ээс эхлэн сургалтын үйл ажиллагаагаа эхэлсэн юм.
14 дэх хичээлийн жилдээ ажиллаж буй тус ахлах сургууль 2008 оноос газар зүйн, 2011 оноос мэдээлэл зүйн гүнзгийрүүлсэн сургалттай анги нэмж нээсэн бөгөөд одоо математик, физик, хими, биологи, газар зүй, мэдээлэл зүйн гүнзгийрүүлсэн сургалттай 10 дугаар ангийн 6 бүлэгт 146, 11 дүгээр ангийн 6 бүлэгт 139 нийтдээ 285 суралцагчтай, үндсэн багш 15, МУИС-ийн 20 гаруй багш эрдэмтэд гүнзгийрүүлсэн сургалт удирдаж хичээл зааж байна.
Тус сургуулийн сургалтын ажлын амжилт чанар үр дүн, нийгмийн эрэлт хэрэгцээ улам бүр жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа учир 2012 онд МУИС, БЭЛАС-ийн удирдлага санаачлага хүсэлт гаргаж Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөрийн дэмжлэг оролцоотойгоор 550 ам дөрвөлжин метр талбай бүхий (7 анги, 3 лабораторийн өрөө) хичээлийн байрны өргөтгөл 300 гаруй сая төгрөгийн төсөвт өртөгөөр барьж ашиглалтад оруулснаар сургалтын орчин стандарт зохих түвшинд сайжирсан болно.