Амьд байгалийг аль ч цагт: Амьтны музей, цэцгийн хүлэмж, цэцэрлэгт хүрээлэн
ЭБТ нь жилийн дөрвөн улиралд нээлттэй байдаг, сургалт, танин мэдэхүйн орчин болох цэцгийн хүлэмж, амьтны музей, цэцэрлэгт хүрээлэнтэй. Энд цэцэрлэгийн өмнөх насныхан болон сургуулийн бага ангийнхан анги бүлгээрээ ирж, Монгол орны зэрлэг амьтдын төлөөлөгчид, тасалгааны цэцэг болон Монгол оронд ургадаг 30 орчим зүйлийн модлог ургамалтай танилцах боломжтой.
Амьтан, ургамлын олон янз байдалтай нэг дор танилцах, хотын дундаас байгалийг мэдрэх энэхүү ховорхон боломжийг багш нар, эцэг эхчүүд ашиглаж, бидэнтэй цаг тохирон ирээрэй. Танилцах аялал 1 цаг орчим үргэлжлэх ба жилийн аль ч улиралд, ажлын өдрүүдээр нээлттэй байна. Нэг хүүхэд 1000 төгрөг.
Цэцгийн хүлэмж
ЭБТ нь 320 м2 талбай бүхий, жилийн дөрвөн улирал ажилладаг өвлийн хүлэмжтэй бөгөөд энд 70 орчим зүйлийн 500 гаруй тасалгааны ургамлыг ургуулан борлуулж байна. Уг хүлэмжинд дөрвөн өнгийн сарнайн бут, лимон, монгол царс, арш зэрэг өвөрмөц, ховор ургамлууд ургаж байна. Уг хүлэмжийн үйл ажиллагаа жилийн турш үргэлжилж, тасалгааны цэцэг тарих, арчлах талаар иргэдэд үнэгүй зөвлөгөө, зөвлөмж өгдөг. Мөн амтлагч, чимэглэгч ногоог жилийн турш тарьж ургуулан, иргэд, албан газруудад нийлүүлэхээс гадна жил бүрийн хавар нарийн ногооны болон мандлын цэцгийн үр үрсэлгээ зарж борлуулдаг.
Уг хүлэмжийг 2014-2015 онд ХБНГУ-ын Засгийн газар, Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Яамны санхүүжилтээр, Германы Олон Улсын Шилжилт хөдөлгөөн, Хөгжлийн төвийн дэмжлэгээр бүрэн засварлан тохижуулсан. ХБНГУ дахь Германы Академичдын Холбоотой хамтран хэрэгжүүлсэн энэхүү төслийн хүрээнд бид цэцгийн хүлэмжээ засаж тохижуулснаас гадна танин мэдэхүйн 10 өртөө байгуулж, хүлэмжийг “Байгаль орчны танин мэдэхүйн хүлэмж” болгон өргөжүүлсэн юм.
Цэцэрлэгт хүрээлэн
ЭБТ нь 0.9 га бүхий Экологийн цэцэрлэгт хүрээлэнтэй бөгөөд уг хүрээлэнг ЭБТ-ийн хамт олон Япон улсын ЖиНСИ (GNC Japan) байгууллагын санхүүгийн дэмжлэгээр шинээр байгуулж, ногоон байгууламжийн үндсэн төв, бичил цэцэрлэг болгон тохижуулсан юм. Энэ төслийн хүрээнд цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах, энд ургаж буй мод, сөөгийн олон янз байдлыг нэмэгдүүлэх, арчлан ургуулах ажил тасралтгүй хийгдсээр ирлээ. Өнөө тус цэцэрлэгт голт бор, монос, өрөл, тэхийн шээг, бургас, гацуур, нарс, гүйлс, буйлс, шинэс, тошлой, үхрийн нүд, чацаргана зэрэг Монгол орны шилмүүст болон навчит мод, гоёл чимэглэл, жимс жимсгэний 30 орчим зүйлийн 3500 гаруй мод, сөөг ургаж байна. Бид цэцэрлэгт хүрээлэнгээ түшиглэн хүүхэд, залуус, олон нийтэд танин мэдэхүйн сургалт зохион байгуулдгаас гадна мод тарих, арчлах талаар байнга зөвлөгөө өгдөг. Уг цэцэрлэгт хүрээлэн ойр хавийн оршин суугчдын салхилах, амрах дуртай цөөн хэдэн орчны нэг болжээ.
Экологи-байгалийн музей
Тус музейг ЕБС-ийн суралцагчдын болон их, дээд сургуулийн оюутнуудын сургалт, дадлагын бааз болгох зорилгоор 2002 онд МУИС-ийн Биологийн факультетийн Амьтан судлалын тэнхимтэй хамтран сэргээн засварлан үйл ажиллагаа явуулж байна. Экологи-байгалийн музей нь Монгол орны бүх экосистемийн онцлог, төлөөлөгчдийг харуулсан нийт 300 орчим амьтны үзмэртэйгээс гадна гадаадын орноос бэлэглэсэн матар, тогос, далайн хав зэрэг үзмэртэй. Музейн үзмэрийг Монгол орны говь цөл, хээр, ус намаг, ойт хээр, ой гэх зэргээр экосиситем тус бүрээр нь ялган байрлуулсан байдаг.