Төсөл, хамтын ажиллагаа
ЭБТ нь сүүлийн жилүүдэд гадаадын санхүүжүүлэгч байгууллагуудтай хамтран хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүллээ. Үүнд:
- 2012 оны 8 сарын 20-оос 12 сарын 15-ны хооронд Швейцарийн Хөгжлийн Агентлагийн Тогтвортой Бичил Уурхай Төслийн захиалгаар “Баянхонгор аймгийн иргэдэд экологийн боловсрол олгох” төслийг Баянхонгор аймагт хэрэгжүүллээ. Орон нутгийн иргэд, хүүхэд багачуудын байгаль орчин, экологийн мэдлэг боловсрол, хариуцлагыг дээшлүүлэх, Экологийн төвийн менежмент, чадавхийг бэхжүүлэх зорилго бүхий уг төслийн хүрээнд “Бичил уул уурхай ба миний орчин” сургалтыг Баянхонгор аймгийн Баян-Овоо, Бөмбөгөр, Галуут, Жаргалант сумдад тус бүр зохион байгуулсан бөгөөд үүнд төрийн албан хаагч, ХАМО иргэн, малчид болон сумын төвийн иргэдийн төлөөлөл бүхий насанд хүрэгчдийн бүлэг, ЕБС-ийн 12-оос дээш насны хүүхдүүдийн бүлэг оролцов. Мөн аймгийн төвд зохион байгуулсан Экологийн төвийн менежмент, чадавхийг бэхжүүлж, байнгын ажиллагаатай болгох зорилго бүхий “Экологийн төвийн менежментийг сайжруулах” сэдэвт семинарт Баян-Овоо, Бөмбөгөр, Галуут, Жаргалант сумдаас сонгогдсон төлөөлөгчдөөс гадна Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Боловсрол, соёлын газар, Тусгай хамгаалалттай газрын мэргэжилтэн, ажилтнууд, мөн ЕБС-ийн багш нарын төлөөлөл оролцлоо.
- 2012 оны 11 сарын 1-ээс 2013 оны 5 сарын 30-ны хооронд Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Биологийн олон янз байдал ба ойн гол экосистемүүдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” хөтөлбөр, Галсан Чинаг сангийн захиалгаар “Биологийн хичээлд Мод тарих нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулж, турших” төслийг хэрэгжүүлэв. Энэхүү төслийн зорилго нь “Мод тарих нэгж хичээлийн хөтөлбөр” боловсруулах, түүнийгээ нийслэлийн гэр хорооллын дунд байрлах, сонгож авсан сургууль дээр турших, тухайн сургууль дээр эко сургуулийн 7 алхмыг хэрэгжүүлэх, сургуулийн гадаад, дотоод орчны эко байдлыг сайжруулах, суралцагч болон багш нарт экологийн боловсрол олгох сургалт зохион байгуулах зэрэг байв. Уг хөтөлбөрийн захиалгаар хэрэгжүүлсэн хоёр дахь төсөл нь “Экологийн боловсролд суурилсан Эко сургууль” нэртэй төсөл байсан бөгөөд 2013 оны 7-12 сарын хооронд хэрэгжив. Энэхүү төслийн зорилго нь нийслэлийн гэр хорооллын дунд байрлах нэг ЕБС-ийг сонгон авч, сургуулийн суралцагчдад экологийн боловсрол олгох байснаас гадна эко сургуулийн 7 алхмыг хэрэгжүүлэх, сургуулийн гадаад, дотоод орчны эко байдлыг сайжруулах байлаа.
- 2014-2015 онд бид ХБНГУ-ын Холбооны Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Яам (BMZ) болон Германы Олон улсын шилжилт хөдөлгөөн, хөгжлийн төв (CIM)-ийн дэмжлэгээр, ХБНГУ дахь Монголын академичдын холбоо (МАХ, VMA)-той хамтран “Байгаль орчны сургалт, танин мэдэхүйн хүлэмж” төслийг хэрэгжүүллээ. ЭБТ-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх, сургалтын шинэ хөтөлбөрүүдтэй болгох, үүгээр дамжуулан хүүхэд залуус, иргэдийн байгаль орчны мэдлэгийг сайжруулах зорилго бүхий уг төслийн хүрээнд ЭБТ-ийн цэцгийн хүлэмжийг бүрэн засварлаж, шиллэж тохижуулан, хүлэмжинд шинээр сургалт, танин мэдэхүйн 10 өртөө байгууллаа.