Байгууллага, хамт олонд

ЭБТ нь жилийн дөрвөн улиралд нээлттэй байдаг, сургалт, танин мэдэхүйн орчин болох цэцгийн хүлэмж, амьтны музей, цэцэрлэгт хүрээлэнтэй. Уг хүлэмжийн үйл ажиллагаа жилийн турш үргэлжилж, тасалгааны цэцэг тарих, арчлах талаар иргэдэд зөвлөгөө, зөвлөмж өгдөг. Мөн амтлагч, чимэглэгч ногоог жилийн турш тарьж ургуулан, иргэд, албан газруудад нийлүүлэхээс гадна жил бүрийн хавар нарийн ногооны болон мандлын цэцгийн үр үрсэлгээ зарж борлуулдаг. Тэрчлэн цэцгийн хүлэмжинд түшиглэсэн цэцгийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаас гадна цэцэг тарих, арчлах талаар дадлагад суурилсан ганцаарчилсан болон бүлгийн сургалтыг байнга санал болгож байна.
Бид цэцэрлэгт хүрээлэндээ түшиглэн олон зүйл модыг нэг дороос үзэх боломжийг олгодгоос гадна мод тарих, арчлах талаар байнга зөвлөгөө өгч, жил бүрийн хавар, намар модны худалдаа зохион байгуулдаг.
Та бүхэн дээрх сургалт, зөвлөгөөг авахаас гадна хүүхэд багачуудаа анги, хамт олон, найз нөхөдтэй нь авч ирэн байгалийн олон янз байдлыг нэг дороос мэдрэх энэхүү боломжийг ашиглан, музей, цэцгийн хүлэмж, цэцэрлэгт хүрээлэнтэй танилцуулаарай.

Мөн ЭБТ-өөс байгууллага, хамт олны хүсэлтээр байгаль орчны бүх сэдвээр захиалгат сургалт зохион байгуулна. Энд байгууллага, хамт олноороо үйлчлүүлж болох хоёр төрлийн үйлчилгээг танилцуулж байна.