Захирлын мэндчилгээ

Эрхэм хүндэт эцэг, эхчүүд, эрдэмтэн багш, шавь нар аа! Манай цахим хуудсанд морилж байгаа эрхэм зочид оо! Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Даяаршил, шинжлэх ухаан, технологийн дэвшилийн эрин үе нь нээлттэй, өрсөлдөөнтэй, мэдээлэлжсэн орчинд чанартай сайхан амьдрах чадварыг хүн бүрээс шаардаж байна.

Иймээс суралцагч бүрийг бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, шинэ зуунд хүн төрөлхтний нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд оролцох мэдлэгтэй, үндэсний хэл, соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг бүтээлч, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх эрхэм хүндтэй үүрэг бидний өмнө тавигдаж байна.

Энэ хичээлийн жилд манай сургууль:

  • МУИС-ийн хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд 12 жилийн сургалттай 10-12 дугаар ангид үзэх гүнзгийрүүлсэн сургалтын хөтөлбөрөө эрдэмтэн багш нарын оролцоотойгоор шинэчлэн мөрдөж эхэллээ.
  • Байгаль шинжлэлийн төрөл хичээлүүдийг орчин үеийн лаборатори дадлага ажлын хэлбэрээр явуулах боломж бүрдүүллээ.
  • МУИС-ийн Мэргэжлийн дидактикийн сургалт судалгааны төвийн судлаач эрдэмтэдтэй “Багшийн хөгжил” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах жилийн ажлын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж эхэллээ.
  • МУИС-ийн материаллаг бааз, багш эрдэмтэдийн хүч нөөцөд түшиглэн суралцагчид маань МУИС-д үздэг зарим суурь хичээлийн агуулгыг судлаж, кредит цаг тооцуулах боломж бүрдүүлэхийг зорин ажиллаж байна.

Манай сургуулийн нийгмийн эрэлт хэрэгцээ, үнэлэмж жилээс жилд улам бүр дээшилж, сургалтын чанарын ахиц өөрчлөлт гарч байгаа нь эрдэмтэн багш нар, суралцагчид, эцэг, эх та бүхний бүтээлч, идэвхтэй хүчин зүтгэл, хамтын хөдөлмөрийн үр өгөөж гэдгийг онцлон хэлэхэд таатай байна. Эрдэм оюун үргэлжид дэлгэрэх болтугай.

Захирал П.Түвшинтөр