ЭБТ “БИЧИЛ УУРХАЙ БА МИНИЙ ОРЧИН” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Сэтгэгдэл байхгүй

МУИС-ийн Экологийн боловсролын төв Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн санхүүжилтээр “Бичил уул уурхай ба миний орчин” төслийг Баянхонгор аймагт хэрэгжүүллээ. Тус төслийн хүрээнд орон нутгийн иргэд, хүүхэд багачуудын экологийн мэдлэг боловсрол, хариуцлагыг дээшлүүлэх сургалт зохион байгуулж, аймгийн экологийн төвийн менежмент, чадавхийг нэмэгдүүлэх семинарыг удирдан явууллаа. Баянхонгор аймгийн Баян-Овоо, Бөмбөгөр, Галуут, Жаргалант сумдад зохион байгуулсан тус сургалтад сумдын төрийн албан хаагчид, хувиараа ашигт малтмал олборлогч иргэд, малчид, сумын төвийн иргэд болон ЕБС-ийн 12-оос дээш насны суралцагчдын төлөөлөл болсон нийт 275 хүн хамрагдав. Сургалтыг насанд хүрэгчдийн болон хүүхдийн гэсэн хоёр ангиллаар зохион байгуулсан бөгөөд насанд хүрэгчдэд зориулсан сургалтын агуулга нь орон нутгийн бичил уурхайн нөхцөл байдал болоод биологийн нөхөн сэргээлт, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хариуцлага нэмэгдүүлэх чиглэлийн сэдвийг хамарсан бол хүүхдэд зориулсан сургалтыг сонирхолтой үзүүлэн материал ашиглан, оролцоонд тулгуурласан хэлбэрээр явуулж, тухайн нутагт тулгамдаж буй байгаль орчны асуудал хүүхдийн болоод сум, орон нутгийн ирээдүйд ямар ул мөр үлдээж болох талаарх ойлголтыг өгөв. Уг сургалтыг МУИС-ийн Биологи, Биотехнологийн сургуулийн эрдэмтэн багш нар, ЭБТ-ийн мэргэжилтнүүд удирдан явуулсан нь оролцогчдын талархлыг ихээхэн хүлээсэн үйл явдал байлаа.

Энэхүү төслийн хүрээнд аймгийн экологийн төвийн менежментийг сайжруулах зөвлөмж болон уул уурхайн хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд үзүүлэх нөлөөг харуулсан сурталчилгааны материал,  гарын авлага хэвлэгдэн гарах юм einflatables slide.

Энэ дашрамд бидний урилгыг хүлээн авч, орон нутгийн иргэдэд тулгарч буй асуудлаа алсыг харж зөв шийдвэрлэх, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх тухай болон байгалийн нөөцийн хамтын менежментийн талаар үнэтэй зөвлөгөө өгч, хөдөө орон нутагт хамтран ажилласан ББС-ийн профессор багш Х.Тэрбиш, Д.Суран, Н. Баатарбилэг нарт баярласан талархсанаа илэрхийлье.