“Экологийн ул мөр, хог хаягдлыг ангилах” сэдэвт сургалтанд суралцагчид хамрагдлаа.
Байгалийн ухааны доктор Р.Сүнжидмаа БЭЛАС-ын 10-р ангийн суралцагчдад зориулж 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Экологийн ул мөр, хог хаягдлыг ангилах” сэдвээр лекц уншлаа.
Лекцийн хүрээнд дэлхийн гарал үүслээс өгсүүлээд хүн төрөлхтний хөгжил, түүхэн хувьсал, өнгөрсөн ба ирээдүйн тухай сонирхолтой ярилцлага өрнүүлж, хүүхдүүдтэй хамтран хүн төрөлхтний ирээдүй, эх дэлхийгээ аварч үлдэх тухай хэлэлцэв. Дэлхийн соёлтой, боловсон, байгальд ээлтэй иргэн байхад хүн бүр өөрөөсөө эхлээд өдөр тутамдаа ямар энгийн үйлдлийг хэвшүүлбэл зохилтой, байгалийн нөөцийг гамтай ашиглаж, экологийн ул мөр багатай амьдрахад Эко сургуулийн хүүхдүүд юу хийх ёстой зэргийн талаар бодит жишээн дээр тулгуурлан ярилцлаа. Мөн БЭЛАС дээр хэрэгжиж буй инновацилаг төсөл болох “Эко-БЭЛАС-Компост” төслийн талаар шинээр элссэн хүүхдүүдэд танилцуулж, хүн бүр идэвхтэй оролцохыг уриалав. БЭЛАС нэг жилийн өмнөөс 5 янзын хогийн сав байрлуулж, хогийг ангилж хаях хэвшлийг хүүхдүүддээ сургаж байгаа нь бусад сургуулийн хүүхдүүдэд үлгэр дуурайл авахуйц үйл ажиллагаа болсон билээ.