Мэдээ

Сэтгэгдэл байхгүй

      Ханнс-Зайделийн сангийн санхүүжилттэй “Өсвөр үеийнхэн: Байгаль орчин ба хууль” төсөл хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж 10,000 хүүхдэд экологи, эрх зүйн боловсрол олголоо.

      ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан (ХЗС) – ийн Монгол дахь төлөөлөгчийн газар 2022 оноос өсвөр үеийнхэнд экологи, хүрээлэн буй орчны эрх зүй, тогтвортой хөгжлийн боловсрол олгох чиглэлд Экологийн боловсролын төв (ЭБТ) – ийг дэмжин хамтран ажиллаж байна. ХЗС 2023 оны 2 сарын 1-ээс 11 сарын 30-ны хооронд “Өсвөр үеийнхэн: Байгаль орчин ба хууль – 2” төслийг амжилттай хэрэгжүүлж ЭБТ-ийн танин мэдэхүйн сургалт-аялалд 6-12-р ангийн 246 бүлгийн 5,000 хүүхдийг ивээн тэтгэн үнэ төлбөргүй хамрууллаа.

Нийслэлийн алслагдмал сургуулийн хүүхдүүдийг нэгдсэн журмаар унаагаар авчирч сургалтад хамруулах, эргүүлэн сургуульд нь хүргэж өгөх болон ерөнхий зохион байгуулалтын ажилд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар дэмжин оролцож Чингэлтэй дүүргийн 2,000 хүүхдийг, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн Монгол ардын намын хорооны дарга Д.Сумъяабазар, Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл нар дэмжиж оролцож Сонгинохайрхан дүүргийн 3,000 хүүхдийг тус тус сургалт-аялалд хамруулж хамтран ажиллав.

Төсөлд хамрагдсан хүүхдүүд “Үрийн аялал”, “Манай музейн амьтад” “Танин мэдэхүйн хүлэмж”, “Үл үзэгдэгчдийн мөрөөр” зэрэг өртөөгөөр аялж байгалийг бодит орчинд нь бүх мэдрэхүйгээр мэдэрч танилцсанаас гадна байгаль орчны хууль, эрх зүйн “Амьд үлдээгээч!” өртөөгөөр аялж Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн хор хохирол, торгууль шийтгэл, түүнээс сэргийлэх аргатай танилцан хууль, эрх зүйн анхан шатны мэдлэг, мэдээлэлтэй болсон нь төслийн гол үр дүн болов.

Тэрчлэн, энэ онд ХЗС-ийн зүгээс “Байгаль орчны эрх зүй, танин мэдэхүйн танхим”-ыг шинээр тохижуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн нь бас нэгэн онцлог үйл явдал болсон байна. Энэхүү танхим, шинээр боловсруулсан хөтөлбөр, сургалтын хэрэглэгдэхүүнд түшиглэн хүүхэд, олон нийтэд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил, тэр дундаа хууль бусаар ан агнах гэмт хэргийн тухай анхан шатны мэдлэг, ойлголтыг богино хугацаанд сонирхолтой хэлбэрээр олгох боломж бүрдэж байгаа аж.

ХЗС-аас ийнхүү “Өсвөр үеийнхэн: – Байгаль орчин ба хууль” буюу “Engaging Youth in Nature – Laws of the Environment” төслийг хоёр дахь жилдээ дэмжин амжилттай хэрэгжүүлж, Нийслэлийн алслагдмал сургуулиудын 10,000 хүүхдэд байгаль орчны эрх зүй, танин мэдэхүйн мэдлэг олголоо.

Төслийг хоёр дахь жилдээ амжилттай удирдан хэрэгжүүлсэн Др.Р.Сүнжидмаа хэлэхдээ “Төслийн хүрээнд тохижулсан “Байгаль орчны эрх зүй, танин мэдэхүйн танхим” нь зөвхөн “Амьд үлдээгээч!” өртөөг явуулах сургалтын орчин болоод зогсохгүй манай байгууллагатай танилцахаар ирсэн зочид, ЕБС-ийн багш нар болон хэн бүхний үзэж харж сургуулийн анги танхимуудаа тухайчилсан сэдвүүдээр тохижуулах, сургалтын хэрэглэгдэхүүн хийж хичээл сургалтдаа ашиглахад шинэ санаа, сэдэл өгөх үзүүлэнгийн танхим, үлгэр жишээ сургалтын орчин болсон. Уг танхимын гол хэсэг болох “Хууль ба миний орчин” сэдэвт танин мэдэхүйн самбарт “Хууль ба байгалийн үйлчилгээ”, “Хууль бусаар ан агнах”, “Хууль бусаар мод бэлтгэх”, “Хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглах” гэсэн 4 сэдвээр ХЗС-ийн “Эрх зүйн тухай энгийнээр” цуврал видео контентын агуулгыг бичиг, зурган хэлбэрээр үзүүлсэн байгаа. Мөн Монгол улсын нэн ховор болон ховор амьтдын модон төөнөлбөр үзүүлэн, Тусгай хамгаалалттай газар нутийн товгор хэвлэлттэй зураг, Мазаалай баавгайн товч мэдээдэл бүхий зураг, бичвэр зэргийг хийлгэж ханын үзүүлэн маягаар сургалтдаа ашиглаж байгаа нь хүүхдүүдийн сонирхлыг их татаж байгаа.

Төсөлд хамрагдсан зочин хүүхдүүд уг сургалт-аяллыг “Байгаль орчны талаар болон хүрээлэн буй орчны эрх зүйн талаарх олон зүйлсийн богино хугацаанд сонирхолтой, хүртээмжтэй аргаар, бодит орчинд нь олж авч их мэдлэг хураасан, урьд өмнө харж байгаагүй, үзэж байгаагүй зүйлсээ үзэж танилцсан, танин мэдэж баярласан, гайхаж биширсэн, байгалийг илүү гүнзгий сонирхон судлах, танин мэдэх хүсэл эрмэлзэл төрүүлсэн, хэзээ ч мартагдашгүй үнэ цэнтэй дурсамж үлдээсэн, үр өгөөжтэй, гайхалтай сургалт-аялал байлаа” хэмээн сэтгэгдлээ бичиж үлдээн, энэ ажлыг санаачлан зохион байгуулсан, дэмжин хэрэгжүүлсэн бүх хүн, албан байгууллагад баярласан талархсанаа мөн биечлэн илэрхийлж байсныг уламжлахад таатай байна.

Монгол хүүхдүүдийн оюунд үнэтэй хувь нэмэр оруулж танин мэдэхүйн гэгээн хүсэлд хөтлөх гүүр болсон төслийн санхүүжүүлэгч ХЗС-ийн Монголд дахь төлөөлөгчийн газрын хамт олон болон төслийг амжилттай хэрэгжүүлэхэд гар бие оролцсон бүх хүнд төсөлд хамрагдсан Монголын ирээдүй болсон 10,000 хүүхэд болон ирэх жилүүдэд ЭБТ-ийн “Байгаль орчны эрх зүй, танин мэдэхүйн танхим”, “Амьд үлдээгээч!” өртөөгөөр зочлох мянга мянган хүүхдийн өмнөөс халуун талархал илэрхийлье” гэлээ.

Hanns Seidel Foundation Mongolia

Х.НЯМБААТАР

Долгорсүрэнгийн Сумъяабазар

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл