МУИС-ийн харьяа Байгаль-Эх лицей ахлах сургууль Кембрежийн хөтөлбөрөөр сургалтаа явуулна

1 Сэтгэгдэл

МУИС-ийн харьяа Байгаль-Эх лицей ахлах сургуульд сургалтын шинэчлэл хийгдэж байгаа энэ цаг үед Сургалт эрхэлсэн дэд захирал, БЭЛАС-ийн сургалтын шинэчлэлийн ажлын хэсгийн ахлагч, доктор О.Мөнхбат болон БЭЛАС, ЭБТ-ийн захирал, доктор Ч.Батцэцэг нартай уулзаж, шинэчлэлийн бодлого, төлөвлөлтийн талаарх мэдээллийг уншигч олонд хүргэхээр ярилцлаа.

О.МӨНХБАТ: “БЭЛАС-ИЙГ ОЙРЫН ХУГАЦААНД ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД ЖИШИГ АХЛАХ СУРГУУЛЬ БОЛГОХ ЗОРИЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА”

 IMG_8257-МУИС-ийн хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд Байгаль-Эх ахлах сургуулийн хөгжлийн бодлого цаашдын ирээдүйд хэрхэн анхаарч байна вэ?

-МУИС-ийн сургалтын орчин, эрдэмтэн багш нарын оюуны хүч нөөцөд түшиглэн үүсгэн байгуулсан байгаль шинжлэлийн гүнзгийрүүлсэн сургалттай Байгаль-Эх ахлах сургууль нь 15 жилийн түүх туршлагатай манай нэг нэгж, ерөнхий боловсролын ахлах сургууль юм. Үүсгэн байгуулагдаж, сургалт, төлөвшлийн ажлаа эхэлсэн 2001 оноос хойш МУИС-ийн захирал, удирдлага, эрдмийн хамт олон БЭЛАС-ийн сургалтын орчныг бэхжүүлэх, багшлах нөөцийг хангах, гүнзгийрүүлсэн сургалтын хөтөлбөр, хөгжлийн ойрын болон дунд урт хугацааны бодлого боловсруулж хэрэгжүүлэх, хяналт удирдлагаар хангахад багагүй анхаарал тавьж, дэмжиж ирсэн. МУИС-ийн одоогийн шинэчлэлийн бодлогын хүрээнд ч БЭЛАС-ийн хөтөлбөрийн шинэчлэл, хөгжлийн бодлогыг эргэн харж дорвитой ахиц өөрчлөлт үр дүнд хүрэхүйц бодлого боловсруулж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

-Ажлын хэсгийн ахлагчийн хувьд БЭЛАС-ийн сургалтын шинэчлэлийн бодлого хөтөлбөрийн онцлог, шинэлэг давуу талуудыг тодруулбал?

-МУИС-ийн Захирлын тушаалаар байгуулагдсан БЭЛАС-ийн шинэчлэлийн бодлого, хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг миний бие ахалж ажилласан.  Ажлын хэсэг БЭЛАС-ийн хөгжлийн бодлого, сургалтын шинэчлэлийн дараах чиглэлээр асуудал боловсруулан МУИС-ийн захиргааны зөвлөлд танилцуулж дэмжигдсэн байгаа. МУИС өөрийн харьяа ахлах сургуулийг ойрын хугацаанд үндэсний хэмжээнд жишиг ахлах сургууль болгон хөгжүүлэх зорилт тавьж байна. Үүний тулд:

  • МУИС-д хэрэгжих “Honours Programme”-ийг БЭЛАС-ийн сургалтын хөтөлбөртэй уялдуулж уяж өгөх,
  • Сургалтын чанар үр дүнд эрс ахиц өөрчлөлт гарах нөхцөл боломжийг бүх талаар бүрдүүлэх, өөрөөр хэлбэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ахлах сургуулийн хэв загварыг суурьшуулах,
  • Сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах,
  • Багшлах нөөцийн чадвар чадамжийг дээшлүүлэх, тавих шаардлагыг өндөрсгөх,
  • Орчин үеийн лаборатори, техник хэрэгсэл, хэрэглэгдэхүүнээр хангах,
  • Элсэлтийн бодлогод шинэчлэл хийх, хөдөө орон нутгаас элсэгчдийг дэмжих, ирж суралцах боломжоор хангахад анхаарна.

-БЭЛАС-д хийгдэх энэхүү шинэчлэлийн үр дүнд ямар өөрчлөлт авчирна гэж харж байна?

-Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сайн хөтөлбөр+сургалтын таатай орчин+чадварлаг багш+мэрийлттэй авъяаслаг суралцагч+удирдлагын менежмент цогцоороо сайжирч шинэчлэгдэхээр МУИС-ийн оюутан-Монголын ирээдүй байхын жинхэнэ эзэд БЭЛАС-д суралцаж, хөгжиж, төлөвших болно.

Ч.БАТЦЭЦЭГ “МАНАЙ СУРГУУЛЬД ЭЛССЭНЭЭР МУИС-ИЙН ЭРДЭМТЭН БАГШ НАРААС НОМ СОНСОЖ, ГАДААД ДОТООДЫН ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ОНОО АВАХ НӨХЦӨЛӨӨР ХАНГАГДАНА”

IMG_1211-Юуны түрүүнд та ахлах сургуулийнхаа талаар товч танилцуулаач?

-Байгаль шинжлэлийн төрөл хичээлүүдээр гүнзгийрүүлсэн сургалттай БЭЛАС-ийг 1000 гаруй суралцагчид төгссөн байгаа. Одоо 15 дах жилдээ сургалтын ажлаа явуулж байна. Математик, физик, хими, биологи, газар зүй, мэдээлэл зүйн гүнзгийрүүлсэн сургалттай 10, 11 дүгээр ангийн 12 бүлэгт 290 гаруй суралцагчтай, 15 үндсэн багш, МУИС-ийн 20 гаруй эрдэмтэн багш нар ажиллаж байна.

-Танай сургуулийн нийгмийн эрэлт, үнэлэмж өсөн нэмэгдэж, сургалтын чанар, ЭЕШ-ын дундаж оноо ахисаар байгаа. Энэ талаар тодруулбал?

-ЕБС-ийн чансааг ЭЕШ-ын дүнгээр тодорхойлдог бөгөөд энэ үзүүлэлтээр БЭЛАС сүүлийн 5 жилд төрийн өмчийн шилдэг 10 сургуулийн тоонд багтаж байна. Тодруулбал 2010 онд 7-р байр, 2011 онд  8-р байр, 2012 онд 7-р байр, 2013 онд 7-р байр эзэлсэн.

-Энэ өндөр босготой сургуулийг сонгон суралцаж буйн гол хүчин зүйл юунд оршиж байна вэ? 

-Манай үндсэн багш нарын 90 гаруй хувь нь магистр болон мэргэжлийн зөвлөх, тэргүүлэх, заах аргач зэрэгтэй, бүтээлч хамт олон. Бид МУИС-ийн багш, эрдэмтэдтэй хамтран ажиллаж тэднээс суралцах, хөгжих, сургалтын шинэлэг арга зүйг нэвтрүүлэх талаар анхааран ажиллаж байна. Тухайлбал:

  • МУИС-ийн Мэргэжлийн дидактик, сургалт судалгааны төвтэй хамтран “Багшийн хөгжил” хөтөлбөр боловсрууллаа. Нэг жилийн хугацаанд манай багш нар 4 багт хуваагдан олон удаагийн судалгаат хичээлүүдийг зохион байгуулах бөгөөд ингэснээр бидний хичээл заах арга зүй сайжирч, сургалтын чанар дээшлэх ба жилийн эцэст улсын хэмжээний эрдэм шинжилгээний хуралд оролцоно.
  • Байгаль шинжлэлийн хичээлүүдийг МУИС-ийн болон БЭЛАС-ийн багш нар хамтран тодруулбал, хичээлийн стандарт агуулгын хэсгийг манай үндсэн багш нар, гүнзгийрүүлсэн агуулгыг МУИС-ийн багш, эрдэмтэд зааж байна.
  • Төгсөгчдийхөө англи хэлний мэдлэгийн түвшинг ахиулах, гадаадын их дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэхэд нь анхаарч 2015 онд англи хэлний зуны сургалт зохион байгууллаа, америк багш урьж хичээл заалгасанд суралцагчдын эцэг эхийн сэтгэл ханамж өндөр байсан.
  • Энэ хичээлийн жилд нийт суралцагчдын англи хэлний ярианы болон эссэ бичлэгийн чадварыг дээшлүүлэх зорилгоор Хонг-Конгоос зочин багш урьж ажиллуулж байна.
  • Ирэх зун МУИС-ийн Өвөр Зайсан сургалт судалгааны төвд математик, гадаад багштай англи хэл хосолсон зуны сургалт явуулахаар төлөвлөж байна.

-Сурагчдын сургалтын орчин, техник хэрэгсэл, лаборатори мэдээллийн технологи ашиглах хүрэлцээ хэр хангагдсан байдаг вэ?

-2014-2015 оны хичээлийн жилээс бүх хичээлийг кабинет, лабораторийн системээр оруулж эхлээд байна. БСШУЯамнаас манай сургуульд физикийн лабораторийн багаж, тоног төхөөрөмж бүхий багц, нийтдээ 30-аад сая төгрөгийн өртөгтэй 70 гаруй туршилт лабораторийн хичээл явуулах боломжтой сургалтын материаллаг нөөц хэрэглэгдэхүүн өглөө. Энэ хавар биологи, химийн лабораторийг байгуулна. Бид дотоод нөөц боломжоо ашиглан бүх ангийн хичээлийн танхимд мэдээллийн технологи өргөн ашиглах боломж бүрдүүллээ. Компьютер, проектр, дэлгэц, интернетийн орчин хангасан байгаа. Багш нар маань ч сайн ашиглаж хүртээмжтэй хэрэглэж байна.

-БЭЛАС-ийн сургалтын шинэчлэлийн бодлогыг боловсруулсан ажлын хэсгийн гишүүний хувьд ахлах сургуулийн сургалтын технологийн хувьд ямар өөрчлөлт гарах вэ?

-МУИС-ийн зүгээс ахлах сургуулийн хөгжилд анхааран 2014, 2015 онуудад ажлын хэсэг байгуулан ажиллалаа. Сургалтын технологийг дараахи байдлаар шинэчлэх болно. Үүнд:

  • Бүх сурагчид байгалийн ухаанаар гүнзгийрүүлсэн суралцах бөгөөд сурагчдыг гүнзгийрүүлсэн ангиудад хуваахгүй. Бүх сурагчид Математик, Физик, Хими, Англи хэлнийхичээлүүдийг гүнзгийрүүлсэн хэлбэрээр суралцах ба сургалтыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын стандарт, хөтөлбөрөөр /Cambridge International Examination AS болонA level/явуулах,
  • МУИС-ийн багш нар сонгон суралцах хичээлүүдийг орох бөгөөд 80-аас дээш хувийн амжилттай сурсан сурагч МУИС-д элссэн тохиолдолд тус хичээлийг судалсанаар дүйцүүлэн тооцох /кредит/,
  • Орон утгаас улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчдыг шалгалтгүйгээр элсүүлэн, тодорхой тооны сурагчдыг дотуур байраар хангана.

-МУИС-ийн БЭЛАС-ийн төгсөгчид бусдаас ямар давуу талтай болох вэ?

-Бүх сурагчид байгаль шинжлэлийн суурь болон Англи  хэлний хичээлүүдийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрөөр суралцана. ЕБС-ийн ахлах ангид суралцах 3 жилийн хугацаандаа МУИС-ийн эрдэмтэн багш нараас ном сонсож, суралцаж байгаа нь хэн бүхэнд олдох боломж биш. Сурагчид МУИС-ийн ерөнхий суурийн зарим хичээлийг судалж кредит тооцуулах боломжтой. Мөн гадаад дотоодын их дээд сургуулийн элсэлтийн шалгалтанд амжилттай оноо авах нөхцөл бүрдэнэ.

-Хэдийгээр тус сургуулийн цаашдын хөгжлийн талаар ярилцаж байгаа ч сүүлийн үед танай байгууллагад хамаарагдах МУИС-ийн газрын талаар маргаан сонсогдох боллоо. Энэ талаар тодруулаач.

-Энэ асуултанд хариулахын өмнө би Экологийн боловсролын төвийн үйл ажиллагааг товч танилцуулъя. БЭЛАС, Экологийн боловсролын төв нь нэг байгууллага. ЭБТ бол суралцагчид, иргэд, олон нийтэд байгаль орчинд ээлтэй хандах мэдлэг ухамсар, соёл төлөвшүүлэх сургалтын үйл ажиллагааг эрхэлдэг. Энд Монгол орны бүх экосистемийн төлөөлөл болсон 300 орчим үзмэртэй амьтны музей байдаг бөгөөдцэцэрлэг, сургууль, иргэдэд үйлчилдэг. 2015 онд Герман улсын Форд Моторс компанийн Байгаль хамгаалал, хүрээлэн буй орчныг хамгаалах бичил төслийн дэмжлэгээр Музейн ухаалаг хөтчийн систем бий болгох төслийг хэрэгжүүлж байна. Мөн өвөл зуны цэцэг, модны тарьц ургуулах хүлэмжтэй бөгөөд энд 500 гаруй тасалгааны цэцэг, сарнайн 4 өнгийн бут, нэн ховор лавар, лимон зэрэг олон наст ургамал ургаж буйгаас гадна манайд 10 жилийн өмнө устсан Монгол царсны суулгацыг арчлан ургуулж байна. Уг хүлэмжийг 2014-2015 онд ХБНГУ-ын 90 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Байгаль орчны сургалт, танин мэдэхүйн хүлэмж” болгон шинэчлэн засварлаж, өргөжүүлэн тохижууллаа. Ингэснээр хүлэмжинд жилийн турш ургамал ургах таатай нөхцөл бүрдсэнээс гадна хүүхэд, олон нийтэд жилийн аль ч улиралд шинэ хөтөлбөрөөр үйлчлэх сайхан боломж нээгдсэн. Түүнчлэн МУИС-ийн өмнө нь эзэмшиж байсан газраас үлдсэн 0.9 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэнг  Монгол орны модлог ургамлын сан хөмрөг бий болгох, байгалийг бодитоор таньж мэдэх, судлах орчин бүрдүүлэх зорилго тавин ажиллаж байна tenda gonfiabile. Өдгөө тус цэцэрлэгт монос, тэрэлж, өрөл, тэхийн шээг, бургас, гацуур, хуш, нарс, улиас, гүйлс, буйлс, шинэс, тошлой, үхрийн нүд, чацаргана зэрэг говь цөл, хээр тал, хангайн нутгаар ургадаг Монгол орны шилмүүст болон навчит мод, гоёл чимэглэл, жимс жимсгэний 30 зүйлийн 3000 гаруй мод, сөөг ургаж байна. Уг хүрээлэнд мод, сөөг тарих, тохижуулахад Японы GNC байгууллага 2004 оноос эхлэн хамтран ажиллаж жил бүр санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. МУИС нь Экологийн Боловсролын Төвийн сургалтын бааз, эрдэмтэн багш нарын хүч нөөцөд түшиглэн байгаль шинжлэлийн гүнзгийрүүлсэн сургалттай “Байгаль-Эх ахлах сургууль”-ийг байгуулсан юм. Гэтэл сургалтын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан асуудал энэ хавраас гарах боллоо. 

-Энэ газар МУИС-ийн мэдлийнх биш үү?

-МУИС-д 2009 онд 15 жилийн хугацаатайгаар 0178519 дугаар гэрчилгээтэй Экологийн боловсролын төв зориулалтаар 11389м2 газрыг эзэмшүүлсэн байдаг. Гэтэл 2011 онд МУИС-ийн газраас 800м2-ийг Нийслэлийн өмчийн харилцааны газар Экологийн хүүхдийн цэцэрлэг, сургалтын зориулалт таслан авсан, 2014 онд дээрхи зориулалтыг өөрчилж  орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмших захирамж гарсаныг энэхүү маргааны үед л мэдлээ. Энэ талаар МУИС-ий удирдлагад мэдэгдээгүй. Тэр байтугай энэхүү 800 м2 –ийг салгаад үлдсэн газар нь хүртэл МУИС, НӨГХГ-тай хамтран эзэмших байдлаар  тусгагдсан байгаа юм байна. Ер нь манай байр Монгол Улсын Их хурлын 1999 29 дүгээр тогтоолоор орон нутгийн өмчлөлд шилжсэн нь маргааны гол үндэслэл болж байх шиг байна. Гэхдээ ЕБСургуулиуд бүгд орон нутгийн өмч байдаг. Өмч, газрын маргааны талаарх асуудлаар МУИС-ийн удирдлага зохих байгууллагад хандаж байгаа. Нааштай шийдэгдэнэ гэдэгт найдаж байна.

 -Та бүхний эхлүүлж буй Сургалтын шинэчлэлийн ажилд амжилт хүсье!