СБД-ийн ЗДТГ дүүргийнхээ хүүхдүүдийг байгаль орчны танин мэдэхүйн аялалд хамруулж байна
Экологийн боловсролын төв бүх насныханд зориулж байгаль орчин, танин мэдэхүйн богино хугацааны өртөөчилсөн сургалтыг жилийн турш зохион байгуулдаг билээ. 2011 оноос эхлүүлсэн энэхүү сургалт өдгөө 40 орчим хөтөлбөртэй болж өргөжин, жил ирэх тусам олонд танигдаж байна.
Бид энэ оны 4-р сараас Сүхбаатар дүүргийн Засаг Даргын Тамгын Газартай хамтран дүүргийн төрийн өмчийн сургуулиудын 3-4-р ангийн суралцагчид болон цэцэрлэгийн хүүхдүүдийг уг сургалтанд хамруулах “Байгаль орчны боловсролыг багаас нь” аяныг эхлүүлээд байна. Өдгөө 6 дахь долоо хоногтоо амжилттай зохион байгуулагдаж буй уг аяныг дүүргийн Засаг дарга Д.Бадарсан санаачлан, ЗДТГ-аас зохион байгуулж байгаа юм. Уг аянд хамрагдсан хүүхдүүд насны ангиллын дагуу ЭБТ-ийн музей, цэцгийн хүлэмжтэй танилцан, танин мэдэхүйн өртөөгөөр аялна.
Хүүхдүүдийг байгальд ойртуулах, түүнийг бодитоор мэдрүүлэх, мөн хүүхэд багачуудад байгалийг танин мэдэх хүсэл эрмэлзэл төрүүлэх, зүй зохистой харьцахын үндэс шалтгааныг таниулах зорилго бүхий энэхүү аян 2016 оны 5-р сарыг дуустал үргэлжилж, аянд дүүргийн 6000 гаруй хүүхэд хамрагдах юм.