Экологийн боловсролын төвийн “Намрын өнгө-2017” танин мэдэхүйн өдөрлөг 7 дахь жилдээ зохион байгуулагдлаа
Экологийн боловсролын төвөөс жил бүрийн намар “Байгаль-Эх лицей” ахлах сургуульд (БЭЛАС) шинээр элссэн суралцагчдад зориулж “Байгаль орчны боловсролыг байгальд нь” уриатай “Намрын өнгө” танин мэдэхүйн өдөрлөгийг зохион байгуулдаг билээ. Богд уулын Жаргалантын аманд зохион байгуулагдсан энэхүү 7 дахь удаагийн уламжлалт өдөрлөгт БЭЛАС-ийн суралцагч, багш нарын төлөөлөл нийт 96 хүн оролцов.
Уг аяллын үеэр оролцогчид байгаль орчин, танин мэдэхүйн 10 өртөөгөөр аялж, танхимын сургалтаар олж авсан мэдлэгээ байгальд очиж бататгалаа. Хүүхдүүдийн аялах өртөө бүр өөр өөрийн онцлог, өнгө аястай, өөр өөрийн гэсэн өгүүлэмжтэй, өөр өөр багшаар удирдуулсан байхаас гадна нэг хэсэг өртөө нь мэдлэг олгоход, нөгөө хэсэг нь байгалийг бүх мэдрэхүйгээр мэдрүүлэхэд, гурав дахь хэсэг нь тоглуулах аргаар байгалийн зүй тогтлыг таниулахад чиглэгдсэн байдгаараа онцлог юм. Уг сургалтын бас нэгэн онцлог нь ихэнх өртөөг хүүхдүүд удирдан явуулдагт оршино. Ийнхүү өмнөх жилийн аялагч суралцагчдаас шалгаруулж авсан сургагч багш нар энэ жилийн сургалтыг удирддаг нь сургалтыг улам сонирхолтой, үр өгөөжтэй болгодог билээ.
Экологийн боловсролын төвөөс зохион байгуулдаг энэхүү арга хэмжээ БЭЛАС-ийн суралцагчдын хүсэн хүлээсэн, сонирхолтой, үр дүнтэй аялал болж чаджээ.